Чин журам ялсан цагт бидний ирээдүй гэрэлтэнэ.
Босоцгоо дарлагдсан ардаа!
Үнэний хатуу нэхэлд хэзээд гүйцэгдэх жамтай худал хуурмагын төгсгөл удахгүй ирнэ гэдэгт би итгэдэг. Үнэнд од гийх бадрангуй ялалт ямар үнээр олдохыг хоногийн хоол, түлэх түлээгүй ядуусын тэвчээрийн хязгаар хэзээ алдрах, хэт хийрхэл хий тансаглалд монголоон гээсэн цөөнх хэзээ сэхээрэхээс л шалгаалах болж.
Нэгэн цагт энэ хоёр их л ойр байсан санагдана.
Өлссөн ходоод, бээрсэн биеийнхээ чихүүдэсийг түр ч атугай мартах гэж хүчээр нойрсохыг хүсэх ядуусад хүний орчлонд амьдын там эдлэхээс үүрд нойрсох нь жаргал санагдаж байхад түмнийхээ зовлонгоор цэнгэл хийх эрх ямбатнууд өөрсдийн бүтээсэн шамбалын орондоо үүрд үлдэхийг мөрөөснө. Дундчууд. Мань мэт нь “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” болж байгаадаа сэтгэл ханана. Төвийг барьсан, нийгмийн хамгийн идэвхгүй, сул дорой хэсэг бол бид, дундчууд. Дундчуудын энэхүү сул дорой, хүлцэнгүй байдал нь нийгмийн хоёр туйлийг улам бүр тусгаарлаж байна. Увайгүй, өөрсдийн эрхэм зүйлийн төлөө үл үйлдэгч, дундчуудын хойш суусан унхаагүй байдлаас болж цөхөрсөн олны тэмцэл эрх мэдэлтнүүдийн сүр хүчинд нухчин дарагдахыг хий л харж суухаас хэтэрсэнгүй. Жирийн нэгэн дундаж албан хаагчийн хувьд, өнөөгийн нийгмийн шудрага бус, цагаандаа гарсан авилга, хээл хахууль, төр нь түмнээрээ тохуурхсан арчаагүй нийгэмд амьдарч буй иргэн хүний хувьд бухимдаж суухаас илүү өчүүхэн ч атугай зүйл хийж, үзэл бодол нэгт дундчуудыг шинэ сэрэлтэд уриалж байна. Бид сэрж чаддаг, сэрэхээрээ бурангуй бүхнийг шинэчилж чаддаг түүхтэй ард түмэн. Тэгвэл энэ удаа биднийг дахин нэг сэрэхийг үнэн шаардаж байна. Дундчууд сэрж байж дарлагдсан үнэнийг тунхаглана. Бид ялбал үнэн ялна, үнэн ялбал бид ялна.
Чин журам ялсан цагт бидний ирээдүй гэрэлтэнэ.